Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Анхлан бизнес эрхлэгчид бизнес эхлэхдээ гаргадаг гол алдаанууд

• Өөртөө тохирох бизнесээ зөв сонгож чаддаггүй нь бизнес эхлэх гэж буй хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм. Бүү яарагтун. Үл хөдлөх хөрөнгө худалдан авахад “Хамгийн сүүлчийн сайхан байршил гэж байдаггүй” шиг бизнес эхлэхэд хамгийн сүүлчийн сайхан боломж гэж байдаггүй. Бизнесийн тодорхой нэг чиглэлээр өрсөлдөөний давуу тал бий болгох нарийн мэдлэгтэй байвал, түүнийг бизнесийн чиглэл сонгох жагсаалтдаа хамгийн дээгүүр оруулж өөрийн хүч бололцоо, мэдлэгт хамгийн тохирсон бизнесээ сонгох нь чухал.

 

• Бизнесээ эхлэх хөрөнгө мөнгийг зөвхөн гаднаас олно гэж бүү найдаарай. Юуны өмнө өөрийн хуримтлуулсан мөнгийг хэрэглэх нь зүйтэй. Хэрэв хараахан мөнгө хуримтлуулж эхлээгүй байгаа бол одооноос мөнгөө хуримтлуулж эхлээрэй. Хэрэв өөр хүнээс мөнгө зээлэхэд хүрвэл түүнд, зээлийг эргүүлж төлөх хөрөнгө мөнгөний эх үүсвэр, төлбөрийн график зэргийг багтаасан дэлгэрэнгүй тодорхой бизнес төлөвлөгөө танилцуулахдаа бэлэн байх хэрэгтэй.

• Бизнес эрхлэгчид цаг нь болоогүй байхад яаран бизнест орох нь цөөнгүй байдаг. Хэрэв та тогтмол ажилтай бол өөрийн бизнест цагаа бүрэн зориулахад бэлэн болж, түүнийгээ аваад явчих бүрэн чадвартай болтлоо ажлаасаа бүү гар. Магадгүй үндсэн ажлаасаа гаралгүй ажлын бус цагаар хувийн бизнесээ эхлүүлэх нь илүү ашигтай байж болно.

• Бизнес эхлэхдээ бусдын зөвлөлгөөг авахгүй алдаа гаргах нь цөөнгүй байдаг. Хүмүүс өөрсдийн бизнесийн тухай ярих дуртай байдаг. Тэднээс асуух зүйлээ асууж, мэдэж авахад санаа зовох хэрэггүй. Хүмүүсийн туршлагыг сонсож, бизнест тулгардаг хамгийн хүнд бэрхшээлтэй асуудлууд юу байж болохыг мэдэж авбал та л хожино.

• Түрээс, түншлэл, франчайзын гэрээ зэрэг чухал баримт бичгүүдэд гарын үсэг зурахдаа хуулийн зөвлөхгүй байх нь том алдаа юм. Та сарын 1000 ам.долларын төлбөртэй таван жилийн түрээсийн гэрээнд гарын үсэг зурснаар та 60000 ам.долларын өр төлбөртэй болж байгаагаа мэдэх ёстой. Ялангуяа хөрөнгө мөнгө их хаяж байгаа гэрээ хэлэлцээрийн үед заавал мэргэжлийн хуульчтай зөвлөх хэрэгтэй.

• Оноогоо хэрхэн тооцохыг мэдэхгүй байж та спортын аль нэг төрлөөр хичээллэх үү? Түүнтэй адил та нягтлан бодох бүртгэл, бэлэн мөнгөний эргэлтийн талаар мэдлэггүй хирнээ өөрийн үндсэн хөрөнгөө бизнест оруулж дэнчин тавих нь том алдаа болно. Таны санхүүжүүлэгчид бизнесийг тань санхүүгийн сонгодог хэмжүүрээр авч дүгнэнэ: баланс, орлого, зарлагын тайлан, мөнгөн гүйлгээний тайлангаар тооцно. Бэлэн мөнгөний эргэлтийг хянах замаар ирээдүйд байх бэлэн мөнгөний хэмжээг тогтоож чаддаг байх шаардлагатай.

• Дотоод санхүүгийн хатуу хяналт хэрэгжүүлэхийг орхигдуулж болохгүй. Үрлэгэн байдал, хууран мэхлэх ажиллагаа, шудрага бус ажилтан, эсвэл зүгээр хайхрамжгүй байдлаас үүдэн мөнгө сул урсахаас сэрэмжлэн орсон бүх орлогоо тооцоолж байх нь таны зорилго юм. Ажилтнууддаа үүрэг хариуцлага шилжүүлэн өгч сурахын зэрэгцээ чек ба захиалгын ордер дээр гарын үсэг зурах эрхийг хэнд ч олгож болохгүй.

• Тогтвортой, ашиг орлоготой бизнес болж амжаагүй байж компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх нь том алдаа юм. Болох болохгүй бүх зүйлээ тооцоолохын зэрэгцээ өргөжүүлэх загвар гаргаж судлах нь зүйтэй. Өөрийн бүтээгдэхүүн буюу үйлчилгээг зах зээлд багахан хэмжээнд туршиж үзэх нь сайн байдаг. Бизнесээ өргөтгөхдөө, нийт компанийн үйл ажиллагааны амжилтыг үндэслэн урамшуулал тооцохын оронд ашиг олоход оруулсан хувь нэмрээр нь менежерүүдээ урамшуулж байх системийг нэвтрүүлээрэй.

• Олон бизнес эрхлэгч бизнест нь томоохон хүндрэл учирч, уналтанд орох үед түүнийг шийдвэрлэх талаар шуурхай арга хэмжээ авч чаддаггүй. Хэрэв таны бизнес уруудаж эхэлбэл /тийм үе заавал ирдэг/ асуудал бэрхшээлийг олж тогтоон бэлэн мөнгөний эргэлтийг эерэг байлгахын тулд зардлаа хасах шуурхай арга хэмжээ аваарай. Мөн энэ уналттай холбоотой гарч ирэх боломжуудыг эрэлхийл. Таны бизнес уналтад байх үед таны өрсөлдөгчид ч бэрхшээлээс гарах гэж тэмцэж байгаа, бүр зарим нь өөрсдийн бизнесийг хямд үнээр зарах гэж байж магад. Бизнес нь эргэх мөчлөгөөр хөгжиж байдгийг санагтун. Тийм учраас та өөрийн сайн мэддэг бизнесээсээ гаралгүй, хүнд үеийг даван гарах ёстой.

АНУ-ын Төрийн Департаментийн дэргэдэх Олон улсын мэдээллийн хөтөлбөрийн товчооноос Эдийн засгийн хандлага төлөв цахим сэтгүүл - Фил Холланд

2015.12.12

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook