Утас: 7000-0700, И-Мэйл: info@incubator.mn

Дэлхийн шилдэг шинийг санаачлагч улсууд тодорлоо

Bloomberg-ээс гаргадаг дэлхийн инновацын жил тутмын индексийг Өмнөд Солонгос дахин манлайллаа. ХБНГУ-ын судалгаа, боловсрол сайжирсны ачаар Европын тэргүүлэх эдийн засаг уг жагсаалтад Өмнөд Солонгостой бараг зуузай холбосон юм. Боловсролын салбарт нь цав гарсны улмаас Bloomberg Innovation Index-ийн шилдэг 10-аас түүхэндээ анх удаа 2018 онд мултарсан АНУ эргээд наймдугаар байрт орж ирлээ.

Долоо дахь жилдээ шалгаруулж буй Bloomberg Innovation Index нь судалгаа хөгжүүлэлтийн зардал, үйлдвэрлэлийн чадавх, нарийн технологи бүхий нээлттэй хувьцаат компанийн төвлөрөл зэрэг маш олон үзүүлэлтээр шилдгүүдийг тодруулдаг. Манай гарагийн элитүүд Швейцарын Давост дэлхийн эдийн Засгийн Форумд оролцохоор хуран чуулсан үед уг жагсаалт гарч байна. Форумд оролцогчид глобалчлалын ирээдүй, улс орон урагшлан дэвшихэд төр болон инновацын гүйцэтгэх үүргийг хэлэлцэх юм.

ХБНГУ нэмүү өртөг үүсгэх үйлдвэрлэлийн чадавх, судалгааны хүч боломжийн үзүүлэлтээр Bloomberg-ийн индексийн зургаан удаагийн аварга Өмнөд Солонгосыг энэ онд бараг л гүйцлээ. Үзүүлэлт сайжирсан нь Vokswagen АG, Robert Bosch GmbH, Daimler AG зэрэг аж үйлдвэрлэлийн аваргуудын ач юм. Өмнөд Солонгос аваргын титмээ хадгалж чадсан ч патентын салбарт оноо буурснаас шалтгаалан хошуучлагчийн зай нь багасаад байна.

Жилийн өмнө 2018 оны индекст аман хүзүүнд шалгарч байсан Швед долдугаар байр хүртэл ухрав. Патентын ажиллагаа идэвхжсэний дүнд Хятад, Израилийн оноо сайжрав. Өмнөх жилд 10 дугаарт багтсан Израиль бүр таван байраар дэвшсэн юм. Ойрх Дорнодын энэхүү улс Сингапур, Швед, Японыг гүйцэж түрүүллээ.

Өмнөд Солонгос жагсаалтад цаашид ч тэргүүлэх нөхцөл нь стратегийн технологид оруулах шинэ хөрөнгө оруулалт, старт-апуудыг дэмжихэд чиглэсэн зохицуулагч хөтөлбөр хэмээн Сингапур дахь Аustralia & New Zealand Banking Group-­ийн судалгаа хариуцсан захирал Кон Го үзэж байна. Инновацыг “хэт төвлөрсөн том чеболь” буюу угсаа дамжсан конгломерат бүлийнхний хүрээнээс гаргах нь гол сорилт хэмээн тэрбээр тайлбарласан юм.

Европын гол эдийн засагт ажиллах хүчин хомсдож, цагаачлалын бодлого өөрчлөгдөж буйтай уялдан Bloomberg-ийн зэрэглэлд шат ахисан ХБНГУ-ын байр тогтвор муутайг Bayerische Landesbank-ийн эдийн засагч Юрген Михелс анхааруулав. Тус улс дизель хөдөлгүүр, дижитал харилцаа холбоо, хиймэл оюун ухаан зэрэг нарийн технологийн салбарт стратегиа чиглүүлэх ёстой хэмээн эдийн засагч өгүүлж байна.

Их Британи нэг байр ухарч 18 дугаарт орсноор анх удаа Хятадад гүйцэгдлээ. Хятадын эзэлж буй байр нь дэлхийн хоёр дахь гол эдийн засгийн алаг цоог байдлын гэрч боллоо. Тус улс Huawei Technologies, BOE Technology Group-ийн судалгаа, хөгжүүлэлтийн хүчин чадлын ачаар патентын салбарт хоёрдугаар байр эзэлсэн мөртөө нийт бүтээмжийн үзүүлэлтээр бусад инновацлаг өрсөлдөгчдөөсөө хоцорсон хэвээр байна.

Жилийн өмнөхөн шилдэг 10-т багтаж чадаагүй АНУ гурван байраар ахиж наймдугаарт оров. Бүтээгдэхүүний мөчлөг хурдсаж, өрсөлдөөн ширүүссэн нь удирдлагын ажиллах арга барилыг өөрчлөхөд хүргэж байгааг саяхан анагаах ухааны чуулган дээр танилцуулсан Pfizer Inc-ийн үзүүлэнд тайлбарлажээ.

“Сулхан, шалихгүй инновацаар хол явахгүй”-г Нью­-Йоркт төвтэй эм үйлдвэрлэгч компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла JPMorgan-аас зохион байгуулсан анагаах ухааны чуулган дээр анхааруулсан юм. “Ажиллах арга барилаа өөрчилж хүнд суртлын бюрократ процессыг устгах хэрэгтэй. Инновац, хүнд суртал хоёр гал, ус шиг хоорондоо харш зүйл” хэмээн ноён Бурла өгүүлж байна.

Bloomberg-ийн энэ оны индекс дэлхийн 200 гаруй улсыг хамрууллаа. Улс орнуудыг долоон ангилалд 0-100 оноогоор үнэлэн шалгаруулсан байна. Доод тал нь зургаан ангилалд статистик ирүүлээгүй улсуудыг хассанаар 95 улс тунаж, эцэст нь шилдэг 60­ ыг нь эрэмбэлэн шалгаруулжээ.

http://gogo.mn

2019.10.28

Хамтын ажиллагаа

Бидний амжилтуудаас

Онцлох бүтээгдэхүүн

Хэрэгцээт файлууд

Зургийн цомог

Facebook