
Монгол Улсын Засгийн газрын Лхагва гаригийн /2025.04.02/ хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан юм. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Н.Учралын хийсэн мэдээлэл өнгөрч буй долоо хоногийн дуулиан шуугиан байлаа.
Тэрбээр "39 стратегийн орд газар дотор Төгрөг нуурын орд хамаардаг. Төгрөг нуурын ордыг 1983 оноос хойш хайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсон. Ойролцоогоор 3.1 тэрбум тонн нөөц байна гэсэн судалгаа гарсан байдаг. Үүн дээр олон компанихайгуул хийж, нөөцийг нь тодорхойлсоор ирсэн.
Миний УИХ-ын чуулган дээр яриад байгаа зүйл үнэн. Үүн дээр "Төгрөг Энержи" компани дөрвөн лиценз эзэмшдэг. Хүмүүс янз бүрийн мэдээлэл дээр буруу ташаа ойлголт өгч байх шиг байна. Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга гуайд хандаж хэлье.
Та 39 стратегийн ордод хамаардаг Төгрөг нуурын ордыг үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан нь үнэн.
Зарах зарахдаа Виржини арал, Сингапур, Хонконгод бүртгэлтэй компаниудаар дамжуулж, үндэстэн дамнасан санхүүгийн схем хийж 250 сая ам.доллараар зарсан чинь үнэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан чинь ч үнэн. Та баялгийг иргэдэд өгье, байгалийн баялагтаа эзэн болъё гэж ярьж байгаа чинь үнэн. Та энэ олон компаниудтайгаа өөрөө учир, холбогдлооолж, асуудлыг шийд гэдэг долоо хоногийн хугацаа өгч байна. Хэрэв шийдэхгүй бол Засгийн газар дараагийн арга хэмжээг авна гэдгээ хэлье" гэсэн юм.
АТГ-ЫН ДАРГА З.ДАШДАВААГ УЛИРААН ТОМИЛЛОО

Засгийн газрын ээлжит /2025.04.02/ хуралдаанаар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын дарга З.Дашдавааг улираан томилох саналыг Ерөнхий сайд гаргаж, танхимын гишүүддээ танилцуулж, саналыг нь сонссон байна. Эл асуудлыг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэж, түүнийг улираан томилов.
Улс төрийн өнгөрсөн өдрүүдийн халуун сэдэв АТГ-ын даргын томилгоо болж хувираад байсан юм. Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын зүгээс АТГ-ын одоогийн удирдлагыг үргэлжлүүлэн ажиллуулахаар санал нэгдсэн гэх мэдээлэл сонсогдсон нь ийн батлагдав.
УИХ-аас З.Дашдавааг 2019 оны тавдугаар сарын 2-нд АТГ-ын даргаар томилж байв. Зургаан жилийн хугацаатай томилдог.
Авлигын эсрэг хуульд зааснаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг улираан томилох боломжтой. Энэхүү зохицуулалтын хүрээнд одоогийн удирдлагыг үргэлжлүүлэн 6 жил ажиллуулахаар болсон бололтой. Мөн УИХ-аас 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулснаар АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилохоор болж, зохицуулагдсан юм.
МОНАДА: 12 БӨХӨӨС ХОРИОТОЙ БОДИС ИЛЭРСЭН

Үндэсний 12 бөхөөс хориглосон бодис илэрсэн талаар Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас мэдээлсэн юм. Тодруулбал, Д.Отгонбаяр, Д.Оргилох, Г.Мөнхбаяр, А.Баяртогтох, Г.Пүрэвбаатар, Ч.Бямбадорж, Б.Ганзолбоо, Б.Бадамдорж, Э.Мөнхболд, Б.Цэрэнсумъяа, Б.Хаш-Эрдэнэ, Б.Буяндорж нараас допинг илэрчээ. Харин Б.Лхагварагчаагаа аналитик бус /шинжилгээний бус/ зөрчил илэрсэн байна. Эдгээр 13 бөхөөс долоод нь шийтгэл ногдуулсан бөгөөд таван бөхийн шинжилгээний асуудал дуусаагүй гэдгийг албаныхан мэдээллээ.
Харин Дархан аварга Н.Батсуурь, аварга О.Хангай, П.Бүрэнтөгс болон улсын арслан Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, улсын харцага Б.Зоригтбаатар, аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр нарын бөхчүүд допингийн шинжилгээнд бүдрээгүй байна.

Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох гэм буруугийн шүүх хурал 20 гаруй хоног үргэлжилж, өнгөрч буй долоо хоногт /2025.04.02/завсарласан. Энэ талаар шүүхээс тодруулахад, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байгаа бөгөөд хурлын шийдвэрийг ирэх долоо хоногт танилцуулна гэв. Шүүх хурал 2025 оны хоёрдугаар сарын 14-нөөс нээлттэй байдлаар шууд дамжуулж, үргэлжилсэн юм.
Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Тодруулбал, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан. Улмаар худалдан авалттай холбоотой асуудал Авлигатай тэмцэх газар шалгагдаж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шилжсэн.
Гэтэл "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуяг гадуур шалгагдаж, хэвлэлд ярилцлага өгч сууна. Тэрбээр "Би ногоон автобусаар ямар нэгэн цавчаа хийгээгүй. Шинжээчийн дүгнэлтээр ногоон автобуснууд шинэ гэдэг нь тогтоогдсон" гэв. Ногоон автобусны гэх хэргээс болж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар Түгжрэлтэй тэмцэх сайдын албанаасаа чөлөөлөгдсөн бол Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Д.Сумъяабазар мөн өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн.
УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарын хувьд “Автобус худалдан авахад миний оролцоо байгаагүй. Төсвийг нь шийдэж өгсөн. Худалдан авах ажиллагааг нийслэл зохион байгуулсан” гэж мэдэгдсэн. Харин Улаанбаатар хотын захирагч асан Д.Сумъяабазар мөн л өөрт нь хамааралгүйгээр энэ ажил явсан гэдэг агуулгатай тайлбар хийж байв.
“Тэнүүн-Огоо” ХХК-тай байгуулсан худалдан авах гэрээний улмаас нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэдгийг албаныхан мэдээлж байв.
МЬЯНМАРЫН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН "АЛТАН ЦОНХ ҮЕ" ДУУСАВ

Харин гадаад улсад онцлох үйл явдал нь Мьянмарын төв хэсэг дэх хүчтэй газар хөдлөлт байлаа. Өнгөрсөн долоо хоногт /2025.03.28/ 7.7 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь хөрш зэргэлдээ орнуудад хүртэл мэдрэгдэж, их хэмжээний хохирол учруулаад буй. Газар хөдлөлтийн гамшигаас болж Мьнямарт 1700 гаруй хүн нас барж, 3400 орчим хүн шархаджээ. Мөн 300 орчим хүн сураггүй байна. Харин Тайванийн нийслэл Бангкокт дор хаяж 18 хүн нас барсан гэх мэдээлэл байна.
Бангкок хотод сураггүй болсон 80 орчим хүнийг аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Хайртай дотны хүнээ алдах магадлалтай болсон иргэд нурангины дэргэд цугларан, сураг ажиг тавьж байна. Нэгэн иргэн "Би нөхөр лүүгээ тоо томшгүй олон удаа залгасан. Өдөрт 100-200 удаа залгаж байгаа ч нэг ч хариу байхгүй" гэж аргаа баран хэлжээ.
Газар хөдлөлтөөс хойших эхний 72 цагийг нуранги дор орсон хүмүүсийг амьдаар нь гаргаж ирэх боломжтой "алтан цонх үе" гэж нэрлэдэг. 72 цаг өнгөрсөн тохиолдолд тухайн хүн ундны усгүй бол амьд үлдэх магадлал нь ихээхэн буурдаг аж.
Харамсалтай нь Мьянмарын газар хөдлөлтийн "алтан цонх үе" өнгөрсөн Даваа гаригаар дуусгавар болов. Тиймээс амиа алдагсдын тоо цаашид дахин нэмэгдэнэ гэж мэргэжилтнүүд эмээж байна. АНУ-ын Геологийн алба эцсийн байдлаар амиа алдагсдын тоо 10 мянга давж магадгүй гэж тооцоолжээ.